Wednesday, April 12, 2017

Юри Гагарин энэ өдөр сансарт ниссэн

ГАГАРИН    \энэ өдөр тэрээр сансарт нисжээ\
          .................Гагарин  архи  уудаг  байсан  уу  эсвэл  үгүй  юу,    үүнээсээ  болж  тэрээр  осолд  орсон   эсэх,   тэрээр хатагтай   нарын  эрлэг  байсан  эсэх,  сувилагчтай  амраглаж  байгаад  эхнэртээ  баригдаж,   тагтан  дээрээс   үсэрсэн  эсэх нь    огт  чухал  биш.  Тэрээр бусдыг  хөгжөөж  чаддаг  байсан  эсэх,  ямар  аргаар  өрсөлдөгчөөсөө  шалгарсан  нь  ч  огт  хамаагүй  бөгөөд   гол  нь  тэр  үнэхээр  өв  тэгш    анхны  сансрын  нисгэгч  байсан  юм.  Хамгийн  сэтгэл  булаам,    хамгийн их тахиж  шүтмээр, хамгийн их хайралмаар,  хүн  төрөлхтний  хамгийн  анхны  сансрын  нисгэгч  байлаа
                   .Бүх дэлхийн  хүмүүсийн  зүрх  сэтгэлийг эзэмдэж   хүндэтгэл хүлээх   тухай  төсөөлвөөс нэн  амаргүй  зүйл.   Чухам  тэр  шидийг  олсон хүн бол Юрий Алексеевич Гагарин  байлаа.  Түүнтэй  эн  зэрэгцэх алдартан   хүн  хорвоод  байсангүй.    Түүнийг  тив  дэлхийн   хүмүүс  жирийн  нэг  хайраар  бус, бүр чин сэтгэлийнхээ угаас  эгэл  биш хайраар хайрлаж  байв. Хүн төрөлхтөн хэзээч хэнийг ч ингэж  хайрлаж  байгаагүй болуу.  Тэрээр сансар оготоргуйд цойлон нисэж газар  дэлхийг  бурхдын өндөрлөгөөс  тольдсон  анхны  хүн учираас тэр байлаа  
            Тэр  хорвоод  хосгүй, цэв цэнхэр нүдтэй, сэтгэл булаам, зүрхэнд хоногштол ялдам  инээмсэглэдэг  хүн  байв.  Хэдийгээр намхавтар  нуруутай,  харц  язгууртай,  хөдөө тосгоны жирийн л нэг  сурагч байсан авч алдар  гавьяатнууд, суутнуудын алин ч түүнтэй  эгнэхийн аргагүй  өндөрлөгт  хүрсэн  байлаа.  Ерөнхий зохион  бүтээгч  Сергей  Королёв  түүнийг  “Үхэшгүй  мөнхөрсөн хүн” гэж  тодорхойлсончлон тэрээр яруу  алдрын  оргилд  хүрчихээд  улмаар цэл залуугаараа үүрд  мөнхөрчээ.
Эгээ  л  тэнгэрээс бурхан  залран  ирж  буй   мэт хүмүүс түүнийг  хүлээж, харсан хүн  бүхэн  түүнд  гар хүрэхээр тэмүүлдэг  байлаа.     Түүнийг  амьдаар  нь  харахын   тулд  хүмүүс ядарч  зүдрэхийг  умартан  мөргөлчид  лугаа  өдөр шөнө  гэлтгүй,  хаа  холоос  зорин  ирж, хэдэн  цагаар эгнэн  зогсдог  байв.  
Язгууртны  жаяг ёсоо яс  дээд  зэргээр  баримталдаг  Английн  хатан  хаан хүртэл   түүний  төлөө,  уулзалтын  алтан хормонд сэтгэлийн их  хөөрөл  баясал дунд  жаяг дэг, хөтөлбөрөө ч умартаж  байсан гэдэг.   Сансарт  ниссэний нь дараахан Английн уурхайчдын үйлдвэрчний  эвлэлийн  урилгаар   тус  оронд  айлчилах  үед эрхэм  дээдэс Елизавета зоогондоо Юрий Гагариныг  урьсан  аж. Тэд  зэрэгцэж  сууцгаасан  агаад Гагарин  хожим нь өөрөө  үгүүлсэнээр  үнэхээр  хатан  хаантай зэрэгцэж сууж  байгаадаа  итгэж  ядсандаа ширээн дорхи хатан хааны  өвдөгөнд  гараа  хүргэж  байж  үнэмшсэн  гэдэг.   Хатан  хааны  биенд  хүрнэ  гэдэг   үлгэрт  гарамгүй  зүрх  зориг  агаад  энэ  талаар  ямар ч дуулиан  шуугиан  гараагүй  агаад   хатан  хаан харин  өөдөөс  нь  урьханаар  инээмсэглэж  байжээ.  
Түүний айлчлалыг мэдээлсэн Английн  сонинууд хатан хаан тэр  хоёрын  зэрэгцэн  зогссон  гэрэл  зургийг   тэргүүн  нүүрэндээ  уламжлалт  хэмжээнээсээ   хавьгүй  томоор  нийтэлж  байв.  Хатан  хаантай  цуг  Гагарины  гэрэл  зургийг  авах  ёсгүй  байсан  ч  энэ  явдлыг  хэн  ч  юутай  зүйрлэхийг  хүссэнгүй  “Юрий сансарт ниссэн тийм  болохоор тэр тэнгэр  огторгуйн хүн”  хэмээн хатан  хааныг  айлдахад хэн ч татгалзсангүй зургийг  нь татаж, түүний биенд  хатан  хаан хэдэнтээ хүрэхэд хүртэл зэм сонсдсонгүй. Ийнхүү Английн чанд  уламжлалын хана хэрэм,  Гагарины  өмнө, түүний  цэнхэр нүдний өмнө, түүний суут инээмсэглэлийн өмнө нуран унасан ажээ.
Бүх дэлхийн хүүхнүүд түүнтэй гар барих ганцхан боломжийн төлөө амь насаа зориулахад бэлэн байна хэмээн захидал илгээж  байв. Еропын  үзэсгэлэнт бүсгүйчүүд, оддууд хүртэл  түүнтэй танилцаж  нэр холбогдож, улам  илүү алдаршихыг хүсч тэмүүлж  байлаа.
Эдүүгээгээс 55 жилийн өмнө Зөвлөлт их гүрэн хязгааргүй  сансар оготоргуйд анх удаа хүн нисгэж,  шинжлэх  ухаан  техникийн бахдам ялалт байгуулсан   төдийгүй хүн  төрөлхтний гарамгай  баатрыг төрүүлсэн юм. Тэр баатар нь Юрий Гагарин  болсон бөгөөд энэ дүрийг гайхалтай оновчтой сонгож  чаджээ.
Сая сая шинээр төрөгсдөд эцэг эхүүд нь Юрий гэсэн нэр хайрлаж, түүний  алдар хүндэд Есүс Христ л өрсөлдөж чадах байсан болуу гэмээр байсан ба ялгаа нь гэвэл Гагарин бол бурхны бус хүмүүний элч байсанд  оршино. Алдарт нислэгийн дараа шууд залгуулан Москвад цуглаан болж, ард түмэн II Николай хааныг хаан ширээнд залж   буй мэт хэдэн саяараа эгнэн жагссан байлаа. Цуглаанд элчин сайдууд бүгд ирсэн хийгээд бас эрхэмсэг гэргий нар нь ч нөхрүүдээсээ хоцорсонгүй. Тэр дунд эхний эгнээнд бүр Хрушевийн хажууд манай маршал Цэдэнбал ч зогсож харагддаг. Гагаринг элчин сайдуудтай Никита Сергеевич  Хрушев  өөрөө биечлэн танилцуулж байлаа. Африкийн нэгэн улсын элчин сайдын гэргий, сансрын нисэгчийн инээмсэглэлийн хариуд ядам  хуруунаасаа хуримын алмаз эрдэнийн бөгжөө суга татан авч Гагарины хуруунд зүүж өгч байлаа. .
Гагаринг  гарч ирмэгц цугларагсдын хөөр догдлол оргилдоо хүрч, түүнийг  тахин шүтэх их  давалгаа бүх нийтийг нөмөрч байв. Түүнийг дэлхийн өнцөг  булан бүрт хөл алдан угтаж  байсанчлан Европын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн  нэг  Бриджит Бардогоос  авахуулан Уйнстон Черчиллийн охин Сара Черчилль гээд олон ихэс дээдсийн үзэсгэлэнт гүнж нар сэтгэл алдаран угтаж байсныг түүх гэрчлэх ажээ.
Тэр бол борчуудаас гаралтай  бөгөөд  эцэг эх нь жирийн л нэг хамтралчид. Газар нутаг нь фашистуудад эзлэгдэх үед ах эгчийг нь Германчууд хүчээр  авч одсон хийгээд зөвлөлтийн сансрын баатрын хувьд  энэ нь тун бүдэгхэн   жирийн л нэг намтар байлаа. Наймдугаар ангиасаа сонирхлоороо  политехникийн  дунд сургуульд  хувиарлагдаж  улмаар цутгуурчин болж дараа  нь нисэх клубын зуны сургалтанд явсан нь их хувь заяаны оршил болсон ажээ.
Тэр чухам юуны төлөө тэмцэв,энэ бүгдийн төлөө юу, эсвэл мөнхөрөхийн  төлөө тэмцэв үү, эс бөгөөс аугаа их  зөвлөлт эх орныхоо төлөө юу гэдгийг бид хэлж мэдэхгүй бөгөөд  магадгүй энэ бүгдийн төлөө  тэмцсэн ч байж болох юм.
Ямар ч байсан тэрээр Зөвлөлтийн хүн бүр шиг амь насаараа дэнчин тавьж, баатарлагаар амиа золиослоход бэлэн байсан хийгээд гүн их ёроолгүй харанхуй ертөнц рүү үсрэн орох гараан дээр итгэл төгс тайван амгаланаар зогсож  чадсан юм.  Багадаа тэрээр өрөмний өт шиг хөдөлгөөнтэй, бүгдэд оройлохыг хүсдэг, хичээлээ хэнд ч хуулуулдаггүй бас охид бүсгүйчүүдийн толгойг гайгүй сайн  эргүүлдэг энэ талаар ч тосгондоо зартай  нэгэн байжээ. Бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэхийн тулд бүжиг сурч, бүр амжилтанд хүрч байлаа.
Нэгэн удаа Оренбург хотын бүжгийн талбайгаас сөлөрдүү гэмээр нүдтэй,  гялалзсан хар үстэй дунд зэргийн нуруутай Наина хэмээх дэгжин бүсгүйтэй  танилцжээ. Тэд удаан үерхэж  гавьсангүй тэгсхийгээд өнгөрсөн бөгөөд хэдэн  жилийн дараа Гагаринг зурагтаар гарахыг харангуутаа Наина: “Хараач би ЗХУ-ын баатартай гэрлэж болох байж, гэтэл жирийн л нэг барилгачинтай амьдарч  байдаг” хэмээн дуу алдсан бөгөөд мөнөөх жирийн л нэг барилгачин нөхөр нь хожмоо орос орны  ерөнхийлөгч   Борис Ельцин  байжээ. СССР улсын анхны сансрын  нисгэгчийн шалгаруулалтанд гурван мянга орчим хүн өрсөлджээ.
Тэрээр  илбийн  юм  шиг  бүхний  сэтгэлийг  эзэмдэж,  бараг  ховсдовуу  гэмээр  санаанд  багтамгүй  ялалт  байгуулсан  юм. Сансрын нисгэгч Алексей Леонов  нэгэн дурсамжиндаа:”Хаалга онгойлготол сандал дээр миний хирийн насны залуу суугаад   ном  уншиж байгаа харагдав. Тэр харцаа надруу тусгахад би балмагдсандаа  зог тусаж  билээ. Тийм цэнхэр нүд би хэзээ ч үзээгүй юм даг. Тэр надруу хараад яагаад ч юм сандарч мэгдсэн байдалтай инээмсэглэж билээ. Дараа нь би энэ бол  инээмсэглэл  биш, харин ердөө түүний уруулын бүтэц тийм агаад үзүүр нь яльгүй ээтгэр юм гэдгийг ойлгосон. Тиймээс тэр дандаа инээмсэглэж буй мэт  харагддаг байсан” гэжээ. Сонголт хийгдэхэд Гагарин дандаа ялалт байгуулдаг байсан бөгөөд ямар нэг далдын хүч түүнд үйлчлээд буй мэт байв. Нэгэн удаа  Сергей Королев нэр дэвшигч сансрын нисэгчидтэй уулзаж нарийвчлан  танилцахаар шийдсэн бөгөөд энэ үед  тэд  зургуулаа  байсан ажээ. Тэд  бүгдээрээ  үйл явдлыг  амьдралын  гол  шалгуур мэт  хүлээн  авч  зүрх  сэтгэлээрээ  догдолж, түгшиж  байлаа. Королев тэдэнд сансар судлал болоод “Восток” хөлгийн  бүтцийн  талаар  нилээд  хүндхэн  асуулт  тавьжээ.
Гагарин  тэднээс  хамгийн  муу  хариулж  олон  асуултыг  хоосон  орхисон  хэдий  ч  Королев  өөрийн  эцсийн  шийдвэртээ  тал  бүрээс  нь  эргэцүүлж  түүнийг сонгосон бөгөөд  СССР  нэртэй ялагчийн царайнд сайхан  инээмсэглэлийн  цаанаас  нь  тунгалаг   цэнхэр  нүд   гэрэлтэж туяарсан  байх  ёстой  хэмээн  сайтар  ойлгож  байжээ. Тэр үед үүнийг хэн ч төсөөлж  байсангүй.
Сүүлчийн   мөч  хүртэл  нэгдүгээр  нисгэгч  болно  гэж  итгэсээр  байсан  орлон  нисгэгч Герман Титов  ч энэ  тухай  ойлгоогүй  байсан  хийгээд   Гагарин  сансарт ниссэн  тэр  өдөр түүний  хувьд  хар  өдөр  болсоныг  гучин  жилийн  дараа тэрээр  хүлээн зөвшөөрсөн  байдаг.  Титов  бүхий  л  талаараа  түүнээс  толгой  илүү  байжээ. Жирийн  шалгаруулалтыг  Титов  анхааралтай   ажиглаж  байсан  хийгээд  сансарын  нисгэчдийн  бүлгийн  хичээл  дээр  ирсэн гэрэл  зурагчид  яагаад  ч  юм   нислэг  болохоос  хэдэн  сарын  өмнөөс  Гагарины  зургийг  л  илүүтэй аваад  байгааг  тэрээр  анзаарч  байлаа.    
Магадгүй  түүний  гэрэл зураг  дээр  сайхан гардаг   чанарыг  тооцсон  байж  болох   юм.  Титов  өөрөөсөө  өө  сэв  байнга  хайж  байсан бөгөөд  өөрийн пролетари  бус  намтараасаа  боллоо гэж  бодож  байв.   Сурган  хөмүүжүүлэгчийн  хүү. Сэхээтэн  гарал,  коммунистуудын учиргүй  бахархах  дуртай   ажилчин  тариачны   ид  шидийн  хувирал  өөрийнх  нь  намтарт  илт  үгүйлэгдэж  байлаа.  Дээр нь  бас  тохуутай  энэ  бүх төрлийн  театрчилсан  нууцыг  яана. Титовт  нэг  номерийн, Гагаринд  хоёр номерийн  скафандр  хийлгэж  байлаа.
Ингэхдээ  нууц тайлга  хийж  байгаа  юм  шиг л  авирлана.  Бүх биеийг  самбайгаар  ороож,  гөлтөгнөөр бүрж хэлбэр  гарган түүгээрээ миллиметр милметрээр нь  эсгэж  байлаа.  Чухам  орлон нисгэгчид  л туршилтын  бүх   ачааны хүндийг биедээ үүрч  байжээ.
 Тэднийг хасах  жаран  хэмийн  температурт  байлгаж,  өндөр  даралтанд  оруулж,   тэсвэрлэшгүй  хүнд  нөхцөлд  амьд  үлдэх  эсэхийг  шалгаж  байлаа. Титов   сансрын  хөлөгт  арван  тав  хоног  хоол ундгүй  сууж,   хүн  галзуурч  үхмээр  тусгай  орчинд  гуч хоног  байлгаж  байлаа.   Нелюбов   гялалзуур  нэр дэвшигч  байсан  бөгөөд   оддын  хотхонд очихоосоо  өмнө  тэнгисийн  нисэх  хүчинд  алба  хааж  байлаа.
 Төмөр мэт эрүүл чанга биетэй, царайлаг,ухаалаг тэрээр эхнэр  охинтойгоо    1959  онд  Гагарин,  Леонов  нарын  хамтаар  оддын  хотхонд  иржээ.  Гагаринаас  илүү  цэмцэгэр,  хийморлиг  байсан тэрээр   яагаад   ч юм  Нелюбов гэсэн нэрнээсээ ч болоогүй байлтай сансарын нисгэгчдийн  нэгдүгээр  отрядын  бүрэлдхүүнээс  хасагдаж   Приморийн хязгаарт  хаягджээ.  Хожим  нь  тэрээр  ослын улмаас харамсалтайгаар  амь үрэгдсэн.
Орлон нисгэгчид ч амаргүй цаг үеийг туулсан юм. Өөрчлөн  байгуулалтын  дараа,  сансрын  нисгэгчдийг  санхүүгийн  хувьд  харж   үзэхээ больж  сансрын  бүргэдүүд   гундаж,  ачигч  хийх  нь  холгүйгээр  амьдралаа  залгуулж   байлаа.  Ингэхлээр  Гагарин   өнөөдрийг  хүртэл амьдраагүйдээ  азтай ч  юмуу.  Тэрээр  цэл залуугаараа  хорвоогоос одсон хийгээд  түүний  үхэлд  дэлхий  даяараа  гашуудаж,    инээд  гийсэн  цэнхэр  нүдэтэй, гал  цогтой   залуугийн  дүрээр  хүн  төрөлхтний    сэтгэлд  үүрд  мөнхөрөн үлджээ.  Өөрөөр  хэлбэл тэрээр   гайхамшигтай,  гэрэл  цацарсан  дүрийг  бүтээн    амилуулаад   жүжиг  төгсмөгц  яваад  өгчээ.
 Гагарин  амь үрэгдснийхээ  нууцыг  өөртэйгөө  хамт  авч  одсон юм.  Ямар ч атугай Орос орон туршин нисэгчээр нэг их дутагдаагүй  ч яах аргагүй тэрээр туршилтын нислэгээр тэнгэрт хальсан юм. Улсын  комиссын цөөн үгтэй  актанд  “Техникийн  гэмтэлээс  болсон”   хэмээсэн байна.   Хүн  төрөлхтний  хайр  булаасан  тэр  аугаа их  хүн  орчлонд  байхгүй  байх  нь  хэнд  хэрэгтэй  байсан нь  оньсого  хэвээр үлдсэн   агаад  Зөнч мэргэн Ванга түүний  тухай “Тэр үхээгүй.Түүнийг  аваад  явчихсан  юм ”  хэмээн  хэлсэн байдаг.
/Өөрийн  бичсэн   "Нутгийн уулс" номноос  хуулбарлав./ Г.Алтангэрэл

No comments:

Post a Comment